ХЭЗЭЭД БЭЛЭН, ХЭЗЭЭНИЙ ТАНИЛ
Мэдээллийн лавлахаар хүн бүр амьдралдаа нэг удаа үйлчлүүлж байсан нь гарцаагүй. Хэрвээ хэн нэгэн танаас лавлахын дугаар асуувал хамгийн түрүүнд санаанд буух нь 19001950 л байх болов уу?
Лавлах үйлчилгээний салбартаа тэргүүлэгч 19001950 лавлахын 15 жилийн ой COVID19 цар тахлаас үүдсэн хорио цээрийн дэглэм тогтоосон онцгой цаг үед тохиож байна. Салбартаа үргэлж шинэ үйлчилгээг нэвтрүүлж, олон улсын Call center-ийн соёлыг монголдоо нэвтрүүлэхийг зорьж байдаг энэ хамт олны хувьд түүхийн нэгэн шинэ хуудас бичигдэж байна.
2005 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр лавлах утасны үйлчилгээ Монголд төдийлөн хөгжөөгүй үед төлбөртэй утас руу залгаж мэдээлэл авна гэдэг боломжгүй зүйл мэт санагдаж байсан. Харин одоо бид энгийн олон шалтгаанаар мэдээллийн лавлахаар үйлчлүүлдэг болсон. 15 жилийн турш тасралтгүй, тууштай үйл ажиллагаа явуулахдаа “1950” гэсэн брэндийг бий болгож чадсан энэ байгууллагын ололт амжилтын цөм нууц нь юу байсан бэ?
ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ЯМАГТ НЭГДҮГЭЭРТ
Хүмүүсийн хэрэгцээ дуусашгүй. Хэн нэгэнд яаралтай такси дуудах шаардлага гарч байхад өөр нэгэнд нислэгийн цагийн хуваарь, шинэ байгуулагдсан старт ап компанийн хаяг, эсвэл шөнийн цагаар хүргэлт хийдэг хоолны газрын утасны дугаар гээд тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад мэдээлэл авах шаардлага ямагт гардаг. Олон нийтийн тэр л эрэлт хэрэгцээ, шаардлага дээр үндэслэн 19001950 лавлахын үйл ажиллагаа явагддаг. Лавлах төвүүдийн хувьд хэрэглэгч, үйлчлүүлэгчид нэгдүгээрт. Өдөр бүр мянга мянган хэрэглэгч 19001950 лавлах руу холбогдож хүссэн мэдээллээ авдаг байна. Энэ бол 15 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж чадсаны үр дүн. Газарзүйн байршилаас үл хамааран Монгол орны өнцөг булан бүр бүр, гадаадын улс орнуудаас ч өдөр бүр 24 цагийн турш хэдэн арван мянган хэрэглэгчид лавлах утсанд холбогдож байна. Үйлчлүүлэгчийнхээ асуултанд үнэн бодит хариулт өгч чадаж гэмээн үйл ажиллагаа нь оршин тогтнож чадна. Зах зээлийн жамаар замын дундаас шантарч үйл ажиллагаагаа зогсоосон нь цөөнгүй байсан ч 19001950 лавлахын хамт олон салбартаа үнэнчээр үлдсэн.
19001950 лавлахын хэрэглэгчээ ямагт тэргүүн эгнээнд тавьж, хүссэн мэдээллийг нь цаг алдалгүй өгч чаддаг нэг шалтгаан нь мэдээллийн баазаа ямагт шинэчилж сайжруулж байдагтай холбоотой. Лавлах утасны төвд зөвхөн операторууд ажилладаг гэвэг эндүүрэл. Судалгааны бүхэл бүтэн алба ажиллаж шинэ гарсан үйлчилгээ, шинээр байгуулагдсан байгууллагын мэдээлэл, өдөр тутмын үйл явдлаас хүртэл иргэдэд хамгийн их хэрэг болох мэдээллээр баазаа шинэчилж байдаг.
Нөгөөтэйгүүр харилцагч байгууллагуудынхаа итгэлтэй түнш. 19001950-д бүртгүүлснээр тухайн байгууллага олон нийтэд үйлчилгээгээ хүргэхэд нэг давуу тал болж өгдөг байна. Тэр л жишгээр 19001950 мэдээллийн лавлах 80 мянган байгууллагын мэдээллийг бүртгэж, тэдгээр харилцагчдынхаа үнэнч зуучлагч нь байж ирсэн. Зарим талаараа төрийн байгууллагын хийх ажлыг ч нийгмийн хариуцлагын хүрээнд хийдэг. Улсын Бүртгэлийн ерөнхий газартай хамтран олсон гээсэн бичиг баримтын лавлагааг төвлөрүүлж чадсан бол Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгууль аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулиудад Сонгуулийн Ерөнхий хороотой хамтран ажиллаж иргэдэд сонгуулийн бүх л мэдээллийг хүргэх хамгийн найдвартай эх сурвалж нь болж ажилласан. 2013 онд НДЕГ-тай хамтран нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын лавлагаа мэдээллийг, 2015 онд Төрийн банктай хамтран Орон сууцны хэрэглээний мэдээлэл лавлагаа өгдөг болов.
Мөн 2014 онд Монгол орон даяар хэрэгжсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлтэй хамтран ажиллаж монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа баялаг бүтээгчдийн мэдээллийг 24 цагийн турш хэрэглэгчиддээ өгч эхлэв. Энэ бүхэн нэгэн байгууллагын бизнесийн үйл ажиллагаа гэхээсээ илүү нийгэм олон нийтэд чиглэсэн бүтээлч, санаачлагатай ажлын нэг болж чаджээ.
ШИНИЙГ САНААЧЛАГЧ, САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ
19001950 лавлах үргэлж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, мэдээлэл харилцаа холбооны салбараа манлайлан ажилладаг. Лавлах үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас анх удаа автомат дуудлага хуваарилалтын системийг нэвтрүүлжээ. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, цогц программ хангамжийг ашигладаг. Ингэснээр хэрэглэгчдэд мэдээллийг түргэн шуурхай өгөх боломжтой болсноос гадна үйлчилгээний ажилтны хувьд ч ашиглахад илүү хялбар болсон байна. Олон улсын стандартыг хангасан программ хангамж, техник хэрэгслийг ашигладаг лавлах төв Монголд байхгүй гэж хэлэхэд болно.
Олсон гээсэн бичиг баримтын мэдээллийг олгож олонд танигдаж эхэлсэн 19001950 лавлах өдгөө такси дуудлагын үйлчилгээ, бүх төрлийн зар, ханшийн нэгдсэн мэдээлэл, үзвэр үйлчилгээний цагийн хуваарь зэрэг бүхий л төрлийн мэдээллийг олгодог лавлах үйлчилгээний төв болон өргөжсөн нь тус байгууллагын алсын хараа, эрхэм зорилготой салшгүй холбоотой.
Нийгмийн хэрэгцээ шаардлагууд нэмэгдэх тусам ухаалаг шийдлүүд дагаад бий болсоор. Ялангуяа сошиал сувгууд хөгжсөн энэ үед датад суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах нь олон давуу талыг бий болгох болсон. 19001950 лавлахын хамт олон ч датанд суурилсан бүтээгдэхүүн гаргахад анхаарч эхнээсээ бодит ажил хэрэг болж чаджээ. Гар утаснаасаа хаанаас ч мэдээлэл авахаас гадна үйлчилгээ авах боломжийг ч хэрэглэгчиддээ олгожээ. 2019 онд нэвтрүүлсэн 1950 taxi аппликэйшин зах зээлд нэвтрүүлсэн оновчтой үйлчилгээ болж чаджээ. Энэ аппликэйшний тусламжтайгаар такси дуудах, дуудсан таксигаа ирж байгаа эсэхийг харах хянах, төлбөрөө цахим хэлбэрээр хийх боломжтой юм. Мөн онлайн зарын сувгуудыг бий болгосноор гар утсаараа хэрэгцээт зар мэдээллээ авахын зэрэгцээ өгөх боломжийг бүрдүүлж Зарын нэгдсэн хамгийн том сүлжээг бий болгож чаджээ.
БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТЫН НУУЦ ХҮНИЙ НӨӨЦ
Мэдээлэл харилцаа холбооны салбар нь хамгийн хурдан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг салбар. Тиймээс энэ хувьсал өөрчлөлтөд бэлтгэгдсэн чадварлаг хүний нөөц амжилтынх нь үндэс болжээ. 2005 онд анх байгуулагдахад тус лавлах 4 оператортой үйл ажиллагаа эхлүүлж байсан бол одоо 100 гаруй лавлах үйлчилгээний ажилтан 4 ээлжээр ажиллаж хэрэглэгчдэд мэдээллийг хүргэн ажиллаж байна. 19001950 лавлахын нийт ажилтан албан хаагчдын 90 орчим хувь нь эмэгтэйчүүд. Сүүлийн жилүүдэд эрэгтэй оператор ч бэлтгэж эхэлжээ.
Хүнээ боддог, хүнээ хөгжүүлдэг байгууллага хөгжин дэвшдэг. 19001950 лавлах ажлын байрны ахуй нөхцөлөө 100 хувь сайжруулж, олон улсын стандартад нийцүүлсэн үйлчилгээний танхимыг ашиглалтад оруулжээ. 24 цагийн турш мэдээллийн урсгал энэ л ажлын байран дээр тасралтгүй хөвөрнө. Лавлах үйлчилгээний төв операторуудаа өөрсдөө сургаж, мэргэшүүлдэг. Ажиллангаа суралцах боломжоор ч хангадаг. Лавлах төвд ажиллангаа их сургуулиа амжилттай төгсч компанидаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа олон хүн бий. Байгууллагын зүгээс өглөөний цай хөтөлбөр, smart working гээд идэвхжүүлэх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг. Цалин урамшууллын оновчтой системч мөн үйлчилдэг.
2019 онд л гэхэд англи хэлтэй Монгол залуус хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, нийт ажилтан албан хаагчдаа англи хэлний сургалтанд хамруулж сайн суралцсан, амжилттай ажилласан албан хаагчаа урамшуулан Филиппин улсад англи хэлний ганцаарчилсан сургалтанд хамруулжээ. Энэ хөтөлбөрт нийт 15 ажилтан хамрагдаж тус улсад 6 сар үнэ төлбөргүй англи хэл сураад иржээ. Суралцангаа Филиппин улсын Колл центрийн төвүүдэд дадлага хийж, туршлага ч хуримтлуулах боломжийг олгожээ. Энэ бол ганц компанийн хувьд хүний нөөцөө хөгжүүлсэн алсын хараатай оновчтой бодлого. Эдийн засаг хүндрэлтэй байна гээд хойш суулгүй цаг ямагт хамт олноо дэмжин ажиллаж, тэдэнд чиглэсэн арга хэмжээ авч чаддаг нь сайн менежментийн баг удирддагийнх.
БРЭНД БҮТЭЭЖ, ТҮҮХИЙГ ТҮҮЧЭЭЛЭГЧ
1950 лавлахтай хамт манай улсад мэдээллийн лавлах үйлчилгээний шинэ эрин үе эхэлсэн гэж хэлж болно. 2020 онд 19001950 лавлах хүний нөөц, санхүүгийн хосолмол “ERP system” –ийг лавлах үйлчилгээний салбартаа анхлан нэвтрүүлжээ. Энэ нь хүний нөөцийн сонгон шалгаруулалтаас эхлээд сургах, хөгжүүлэх, идэвхижүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх, удирдах, ажлаас чөлөөлөгдөх хүртэлх бүхий л үйл явцыг удирдах, 100 хувь вебэд суурилсан, мобайл аппликейшн бүхий онлайн программ хангамж юм.
Жил бүр зохион байгуулагддаг Харилцаа холбооны салбарын шилдэгүүдийг тодруулдаг ICT EXPO арга хэмжээний 2007, 2010, 2013 оны “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээ” шагналыг гурвантаа хүртэж байсан нь ч хэрэглэгчдийн зүгээс өгч буй хамгийн том үнэлэмж юм.
1900-1950 Яг одоо олон нийтийн сүлжээнд идэвхтэй ажиллах, интернэт болон дата үйлчилгээнд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж хэрэглэгчиддээ илүү их боломжийг нээж өгөхөд төвлөрч ажиллаж байна.
Мөн байгаль орчинд ээлтэй “Ногоон ирээдүй” төсөл, “Ажилчдын хүүхдийн цэцэрлэг” гэсэн төслүүдийг ойрын жилүүдэд хэрэгжүүлэх зорилт тавьжээ.
Хэрэглэгчиддээ үнэн зөв бодит мэдээллийг түргэн шуурхай өгч, тулгамдсан үед түших найз, чин үнэнч зөвлөгч байсаар ирсэн 19001950 лавлахын нийт ажилтан албан хаагч, хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хөгжин дэвшиж туулж ирсэн зам нь цаашид бичих түүх нь дардан байг.