Өнөөдөр дэлхий дахинаа “Григорийн тоолол”-ыг ашигладаг. Багадаа 28 хоногтой 12 сараас бүрдэх энэхүү он тооллыг тэртээ 1582 онд Ромын 13-р пап Григорий өмнө нь ашигладаг байсан “Юлийн тоолол”-ыг шинэчлэн бүтээсэн юм.
Багадаа 28 хоногтой гэх боловч хоёрдугаар сараас бусад нь 30 болон 31 хоногтой. Бусад 11 сар дор хаяж 30 хоногтой байхад яагаад хоёрдугаар сар ганцаараа 28(29) хоногтой юм бол? Дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэдэг он тооллын сар өдрүүд яагаад ийм зөрүүтэй юм бэ? Яагаад заавал хоёрдугаар сар гэж? Энэ асуултын хариу нь Ромын мухар сүсэгтнүүд ажээ.
Тодруулбал, Григорийн тооллын үндэс болсон эртний Ромын тоолол 12 бус 10 сартай байв. Харин Ромын хаан Нума Помпилий сарны буюу билгийн тоололтой зэрэгцүүлэхийн тулд анхны 10 сар дээр 1 болон 2-р сарыг нэмжээ.
Өмнөх тооллоор 30 хоногтой 6, 31 хоногтой 4 сар нийт 304 хоногтой байжээ. Ромын мухар сүсгээр тэгш тоо нь азгүйдэл дагуулдаг тул Нума хаан 30 хоногтой сар бүрээс 1 хоногийг хасаж 29 болгов. Билгийн тоолол 355 (354.367 хоногтой ч зөв тоймлож 354 болговол бүтэн жил азгүй болно) хоногтой тул түүнд хуучин тоолол дээр нэмж болох 56 өдөр үлджээ. Гэсэн ч тэгш сараас зайлсхийж чадахгүй. Учир нь энгийн математик тооцооллоор ямар ч хоёр сондгой тооны нийлбэр тэгш гарна. Иймд сондгой жилтэй байхын тулд 12 сарын аль нэг нь тэгш байх ёстой. Ийнхүү Нума хоёрдугаар сарыг 28 хоногтой “Азгүй” сараар сонгож, нас барагсдадаа хүндэтгэл үзүүлэх зан зүйл зохион байгуулах болжээ.
САРЫН ДАРААЛАЛ ӨӨР БАЙВ
Дээр дурдсанчлан Эртний Ромын тоолол жилийн 304 хоногтой ба үлдэгдэл 61.25 хоногийг өвлийн улиралд тоололгүй орхидог байв. Саруудыг дарааллаар нь Мартиус, Апрелис, Майус, Жуниус, Квинтилис гээд үргэлжлүүлэн Ромын тоон системээр September (7), October (8), November (9), and December (10) хэмээн нэрлэсэн байна. Нума хаан тооллын эхэнд “January”, төгсгөлд “February” сарыг нэмсэн ч НТӨ 452 онд Febrauary-г нэг болон гуравдугаар сарын хооронд оруулжээ.
ЦААШ ХЭРХЭН ӨӨРЧЛӨВ
12 сартай ч 355 хоногтой Нума хааны тоолол нарны буюу аргын тооллоос 10.25 хоногоор бага хоногтой. Улмаар НТӨ 40-р онд Ромын агуу хаан Юлий Цезарь одон орон судлаач Созигений зөвлөснөөр аргын тооллоос гурван сараар түрүүлж явсан Ромын тооллыг өөрчлөхөөр болжээ. Ийнхүү Египетийн аргын тооллоос санаа авч жилийн 365.25 хоногтой, 12 сартай, хоёрдугаар сараас бусад нь 30 эсвэл 31 хоногтой байхаар тогтжээ. Юлийн тооллоор хоёрдугаар сарын 29 гэж байгаагүй бөгөөд хоёрдугаар сарын 23-ны өдрийг давтдаг байв. Ийнхүү бусад аргын тоололтой зэрэгцүүлэхийн тулд жилийн өдрөөс хассаар НТӨ 8 онд л үндсэн зарчмаараа ажиллаж эхэлжээ.
Григорийн тоолол Юлийн тооллоос ялгарах гол онцлог нь 400-д хуваагдах тоо биш л бол аль ч тэгш жил өндөр жил биш байх ёстой. (1600, 2000 онууд нь өндөр жил). Мөн Юлийн тоололд жилийн уртыг 11 минут 14 секундээр илүү тооцоолсон нь Григорийн тооллоос ялгаатай бөгөөд өдгөө тус хоёр тооллын хооронд 13 хоногийн зөрүү бий. Энэ зөрүү 2100 онд 14 хоног болно.
1582 онд өөрчлөгдсөн Григорийн тооллыг жилийн дотор Герман, Итали, Португал, Испанийн муж улсууд хэрэглэж эхэлсэн бөгөөд 1752 онд Их Британи болон түүний колониуд 1753 онд Швед, 1873 онд Япон, 1912 онд Хятад 1918 онд ЗХУ, 1923 онд Грек улс хүлээн зөвшөөрчээ. Харин Афганистан, Этиоп, Иран зэрэг исламын шашинтай орнууд шашны зорилгоор одоог хүртэл өөрийн тооллыг ашиглаж байна.
Эх сурвалж:GoGo.mn