Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг БНСУ-аас хийгдэх тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Америк, Австралиас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо нийлээд 3000 гарсан. Сөүлээс дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хийх, зөвхөн транзит зорчигч авах нислэг нь Америк, Австрали зэрэг бусад улсаас ирэх гээд ирж чадахгүй байгаа иргэдэд боломж олгох үүднээс УОК-ын даргын шийдвэрээр хийхээр болсон нислэг.
БНСУ-аас тавдугаар сарын 1-нд хийгдэх нислэг нь зөвхөн БНСУ-д оршин суудаг, түр хугацаагаар байгаа иргэдэд боломж олгож байна. Мөн визний хугацаагаа хэтрүүлээд Солонгосын түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг зайлшгүй авахаас өөр аргагүй байгаа.
Маргааш үдээс өмнө гэхэд Америк, Канадын чиглэлээр ирэх зорчигчдын жагсаалтыг Шуурхай штаб дээр хүлээж авахаар тогтсон. БНСУ-ын Инчеоны Олон улсын нисэх онгоцны буудал нь олон орноос нислэг үйлдэх боломжтой ба Америкийн чиглэлд агаарын зам нээлттэй байна” гэв.
Эх сурвалж: Улсын онцгой комиссын шуурхай штаб