Амьтдыг хамгийн ойроос харж, хүрч үзэж болдог зоо паркийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Гаднын орнуудад дотор заалны зоо паркийг жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд тэр жишгээр зохион байгуулагчид таван жилийн өмнөөс төлөвлөж, ийнхүү удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
“Amazing zoo park” өдөрлөг 9-р сарын 6,7-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.
Уг өдөрлөг хүүхдэд ээлтэй тул амьтдад хүрч, тэвэрч, илж болохоор юм. Мөн дэлхийд ховор тооцогддог ховор төрлийн амьтдыг багтаажээ. Өнөө цагт хүүхэд багачуудын дэлгэцийн хэрэглээ өндөр, томчууд гэр бүлдээ цаг зав гаргах хомс байдал зэргийг харгалзан жилдээ нэг удаад зохион байгуулахаар зорьж байна гэв.
"Амазон" амьтны дэлгүүрийн үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөр:
Уг өдөрлөгийг зарим хүн сайн ойлгохгүй байх шиг байна лээ. Мөн цирктэй андуураад байгаа. Тийм биш шүү. Уламжлалт амьтны хүрээлэн нь торны, шилний цаанаас харуулдаг. Харин бидний зохион байгуулж буй өдөрлөгт амьд харилцааг бий болгох боломжтой буюу амьтдад хүрч, илж болдгоороо онцлог. Миний хувьд явсан улс бүрийнхээ амьтдын хүрээлэнг үзэхийг эрмэлздэг. Тэр дундаа дотор заалны амьтны хүрээлэнг үзэхэд маш өндөр сэтгэгдэл төрж байлаа. Учир нь амьтдыг яг хажуунаас нь, ойроос харахад их сайхан санагддаг юм байна лээ. Тиймээс би бусдад энэ сайхан мэдрэмжийг мөн мэдрүүлэхийг хүссэн. Дэлхийн бугын төрөл дундаа хамгийн алдартай Сика бугын төл янзага маань саяхан ирлээ. Энэ маш ховор төрлийнх, янзага байх үеийн цоохор толбо нь томорсон ч арилдаггүй, маш хөөрхөн. Мөн арслангийн гүег бий. Би өөрөө гаршуулан тэжээхээр төлөвлөж байна.
Уг өдөрлөгт ирсэн хүүхэд, хүмүүс амьтдыг харж, харьцахаас гадна хамтдаа зураг авахуулж, хөтөлбөрийн дагуу тайзан дээрх үзүүлбэрүүдийг сонирхож, тоглоомын талбайд тоглох боломжтой. Насны хязгаар байхгүй тул хүн бүрд нээлттэй.
Тоглолтын тасалбар 40 мянган төгрөг ба 0-3 насны хүүхдүүд үнэгүй орно. Анги хамт олноороо ирвэл тусгай хөнгөлөлт эдэлнэ гэлээ.
Янзагыг Бэмби гэж нэрлэжээ. Арслангийн гүегийг Симба гэж нэрлэсэн ба Бэмби, Симба ба түүний нөхөдтэй биечлэн танилцаж, байгаль танин мэдэхүйн боловсролдоо хувь нэмрээ оруулахыг, гэр бүлээрээ амралтын өдрөө дурсамжаар дүүрэн өнгөрөөхийг уриаллаа.
Эх сурвалж: Gogo.mn
Монгол улсад зохион байгуулагдаж байгаа үзвэр, үйлчилгээний мэдээллийг 1900-1950 лавлахаас аваарай.