Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гаднын Элчин сайдын яам, консулын болон бусад дипломат төлөөлөгчийн газар нь олон улсын эрх зүйгээр халдашгүй, бүрэн эрхтэй бүсэд тооцогддог.
1961 оны “Дипломат харилцааны тухай” Венийн конвенц, мөн Монгол Улсын “Гадаад улсын төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хуульд зааснаар эдгээр байгууллагад халдашгүй дархан хамгаалалт хамаарах бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 12-р зүйлд цагдаагийн байгууллага дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах үүрэгтэйг тодорхой заасан байдаг.
Иймд эл объектын ойр орчимд ямар ч сэжигтэй үйлдэл, ялангуяа нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийг зөвшөөрөлгүй нисгэх нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдоно. Зөрчлийн тухай хуулийн 14.8.3-т “нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол” хуулийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан.
Дрон нисгэх журам нь Иргэний нисэхийн багц дүрэм, Зөрчлийн тухай хууль, Нисэхийн аюулгүй байдлын журмаар нарийвчлан зохицуулагддаг бөгөөд олон улсын болон орон нутгийн нисэх буудал, цэргийн анги, төрийн өндөр хамгаалалттай байгууламж, хүн олноор цуглардаг газрыг хамарсан “нисэх хориотой бүс”-д дрон нисгэхийг хатуу хориглодог.
Иймд иргэд Та бүхэн гадаадын дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний орчимд дрон төхөөрөмж ашиглахгүй байх, улсын аюулгүй байдал болон олон улсын гэрээний үүргээ чанд сахин биелүүлэхийг Цагдаагийн байгууллагаас сануулж байна.
Хуулийн зохицуулалт, шинээр гарсан журмуудын талаар баталгаат эх сурвалжтай мэдээллийг 1900-1950 лавлахаас аваарай.