1900-1950 мэдээллийн лавлахаас түлхүү асуудаг топ лавлагаануудын нэг нь албан байгууллагын хаяг байршлын мэдээлэл байдаг. Тэгвэл мэдээллийн ажилтнуудынхаа хаягжилтын мэдлэгийг сайжруулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг "CITY TOUR" автобустай аяллыг /2025.04.12/ өдөр хийлээ.
Жил бүр хоёр удаа тогтмол зохион байгуулдаг тус аялалд 1900-1950 лавлахын 20 гаруй мэдээллийн ажилтан хамрагдаж, Улаанбаатар хотын засаг, захиргаа, төрийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ төвлөрсөн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргүүдтэй танилцлаа.

1900-1950 мэдээллийн лавлахын хувьд 50 гаруй төрлийн лавлагаа үйлчилгээний мэдээллийг 24 цагийн турш хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэдэг. Үзвэр үйлчилгээ болох газар, төрийн үйлчилгээний байгууллагуудын хаяг, банк, санхүүгийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь гээд хэрэглэгчдийн асуусан асуултад хамгийн ойлгомжтой, хурдан шуурхай хүргэхэд мэдээллийн ажилтнуудын хаягжилтын мэдлэг чухал байдаг гэж байна.

Ийнхүү 1900-1950 лавлахын мэдээллийн ажилтнуудын мэдлэг, мэдээллийг тэлж, чөлөөт цагаа хамт олноороо үр бүтээлтэй өнгөрүүлсэн "City tour” автобустай аялал амжилттай болж өндөрлөлөө.


.jpg)