Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна. Уг хүрээнд энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн болон шатрын тэмцээнийг зохион байгуулна.
Бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн
Иргэдийн дунд бүх нийтийн гүйлт, дугуйн парад болон дугуйн тэмцээнийг аравдугаар сарын 19-ны өдрийн 09:00-15:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто зам дээр зохион байгуулна. Гүйлтийн болон дугуйн спорт сонирхогч иргэд та бүхэн өргөнөөр оролцох боломжтой. Бүртгэлийг Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод бүртгэнэ.
Шатрын тэмцээн
Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд шатрын спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, оюутан залуус, иргэдийн чөлөөт цагийг оюунлаг орчинд өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах, шатарчдын ур чадвар туршлагыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор нас насны ангиллаар шатрын тэмцээнийг аравдугаар сарын 20-21-ний өдрийн 09:00 цагт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд зохион байгуулна. Тэмцээнд оролцогчдыг “Зууны шатар” шатрын клубын байранд бүртгэнэ.
Иргэдийн спортын VIII их наадам
Нийслэлийн Иргэдийн спортын VIII их наадмын нийслэлийн шигшээ тэмцээн спортын найман төрлөөр аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Буянт –Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана.
Нийслэлийн иргэд та бүхнийг энэхүү тэмцээний үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
ХӨТӨЛБӨР
НИЙСЛЭЛИЙН СПОРТЫН ХОРОО