Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ.
Жоржина энэхүү мэдээг өөрийн эх хэл испаниар “Тийм ээ, би зөвшөөрч байна” хэмээн бичиж, сүйн том бөгжний зургаа өөрийн сошиал хуудастаа нийтэлжээ. Инстаграмд хамгийн олон дагагчтай Роналду сүйн талаар одоогоор ямар нэгэн нэмэлт тайлбар хийгээгүй байна.
Тэд есөн жилийн өмнө Мадрид дахь Gucci дэлгүүрт Жоржина Родригес ажиллаж байхад танилцжээ. Тухайн үед Роналду Испанийн Реал Мадрид багт тоглож байсан юм.
Одоогоор Португал болон “Аль-Наср”-ын тоглогч Роналду нийт таван хүүхэдтэй бөгөөд тэдний хоёрыг Жоржина Родригес төрүүлжээ.
31 настай Жоржина Родригес Netflix-т “I Am Georgina” нэртэй өөрийн хөрөг реалити шоугаар олонд илүү танигдсан. Одоо тэдний гэр бүл Саудын Арабын нийслэл Эр-Риядад амьдарч байгаа бөгөөд Роналду “Аль-Наср”-т 2022 оны арванхоёрдугаар сард жилд 177 сая фунт стерлинг ($238 сая)-ийн цалинтайгаар нэгдсэн юм.
2025 оны зургаадугаар сард 40 настай тоглогчийн гэрээг 2027 он хүртэл сунгасан тухай мэдэгдэж, түүнийг тэтгэвэрт гарах гэж байна гэсэн яриаг няцааж өөрийн X (хуучнаар Twitter)-д “Шинэ бүлэг эхэллээ. Адилхан хүсэл, адилхан мөрөөдөл. Түүх бүтээцгээе” хэмээн бичиж байв.
Эх сурвалж: Gogo.mn