ЭМЯ-аас өнөөдрийн /2020.11.14/ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө. Дэлхийн улс оронд коронавирусийн халдварын нөхцөл байдал болон оношлуурын талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө.
Тэрээр "Коронавирус халдвар дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 52.4 сая хүн халдвар авч, 1.2 сая хүн эндсэн байна. Сүүлийн 24 цагт 600 гаруй мянган хүн уг халдвараар өвчилсөн нь дэлхий дахинд нэг өдөрт хамгийн олон хүн халдвар авсан өдөрт тооцогдож байна. Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагт 9000 гаруй хүн нас барсан бол АНУ-д сүүлийн нэг өдөрт 200 гаруй мянган хүн халдвар авсан нь сүүлийн гурван сарын хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Манай улсад одоогийн байдлаар 450 гаруй эмч, мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж, коронавирустэй тэмцэх ажилд оролцож байна. Шуурхай 119, 1800-0119 утсаар 3000 гаруй хүн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан. Иргэд аль болох эмнэлгийн байгууллагаар очихгүй, утсаар зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэйг" санууллаа.
Манай улсад коронавирусийг оношлох, оношлуур хангалттай байгаа бол өчигдөр /2020.11.13/ ээлжит нэмэлт татан авалтаа хийсэн. Коронавирусийн оношлуур нь тусгай хадгалалтын горим шаарддаг, хадгалах хугацаа богино байдаг тул хэт олноор авч нөөцлөх нь оношлуурыг устгахад хүргэх аюултай. Тиймээс оношлуурыг ойр ойрхон татан авч ирсэн. Одоо, цаашид ч энэ зарчмаар ойр ойрхон хангалтаа аваад явна. Оношлуурын хомсдол байхгүй гэдгийг мөн мэдээллээ.